СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

Та үүнийг мэдэх үү: Ном унших “ОРЦ”

Орц найрлага гээч нь зөвхөн хоол унданд зориулсан үг биш ээ. Сайн номыг ойлгож уншихад ч орц найрлага шаардана. Тиймээс бид номын агуулгыг хэрхэн өргөн цараатай ойлгох, хүнд ойлголт, утга санааг бүрэн дүүрэн хүлээн авахад зориулсан унших аргыг танилцуулж байна. Номыг утга агуулгаар хөөж, зэрэгцүүлж унших нь орчин үеийн хамгийн шалгарсан арга болоод байгаа. Хэрэв та сонссон бол Жэймс Жойсын “Улисс” романыг уншихаасаа өмнө унших 200 номын жагсаалт хүртэл байдаг аж.


1. ЦОВДЛОГДСОН ОРШИХУЙ БА БИБЛЭЭС “ГЭМ ЗЭМ” ХҮРТЭЛ 

1

Библийн судрыг зөвхөн сүсэгтнүүдэд зориулсан бүтээл гэвэл андуурсан хэрэг болно. Хэрэв та Оросын алдарт  зохиолч Ф.М.Достоевскийн бүтээлүүдийг уншихаар шийдсэн бол өмнө нь эсвэл унших зуураа Библийг сөхөөрэй. Ялангуяа “Солиот”, “Гэм зэм” мэтийн гол бүтээлүүдэд нь Христийн нөлөө, сүсэг бишрэл хийгээд хүний оршихуйг харгалдуулсан тохиолдол олонтоо таарна. Үүний араас Гетёгийн “Фауст”-ыг юм уу, М.Булгаковын “Мастер Маргарита”-г уншвал тун зүгээр. Ингээд чамд уран зохиолд хүний оршихуй, оюун санааг шашинтай холбон бичсэн романуудын талаарх ойлголт тогтож үлдлээ.

 2.ОРШИХУЙН ТӨСЛҮҮД БА КАФКАГААС КАМЮ ХҮРТЭЛ

2                          

Экзистенциализм гээч учир битүүлэг үгийг манайд оршихуй гэж орчуулдаг. Уран зохиолд туссан оршихуйн философийн сүүдрийг харъя гэвэл Кафкагийн “Хувирал”-аас эхэл. Дараа нь Ж.П.Сартрын “Үг”-ийг тэгээд “Огиудас”-ыг унш. Эл хоёр зохиол бичлэгийн хувьд ялгаатай учир таныг уйдаахгүй. Тэгээд А.Камюгийн “Хөндлөнгийн хүн”, Ф.М.Достоевскийн “Газар доороос бичсэн тэмдэглэл”-ийг үзээрэй. Ингээд та оршихуй гээч нь үнэн хэрэгтээ юу болохыг танин мэднэ гэдэгт итгэж байна.

3. ХҮНДЭЭС ХӨНГӨН РҮҮ: Ф.НИЦШЕ М.КУНДЕРА ХОЁР

3                          

Нэг нь философич, нөгөөх нь зохиолч. Гэхдээ энэ хоёр эрд адилтгах зүйл бий. Хэрэв та Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг уншиж буй бол Фридрих Ницшегийн философи санааг ойлгох хэрэгтэй. Ялангуяа мөнхийн давтамж, дээд хүн, бурхан үхсэн гэх мэтийн алдарт эшлэлийнх нь гүн утгыг ухаад үзээрэй.

4. ХЭЛНИЙ ТОГЛОЛТ: Б.РИНЧИНГЭЭС Д.НОРОВ ХҮРТЭЛ

4                          

Эх хэлний яруу найруулгыг мэдрэх гэсэн уншигчдад юун түрүүнд унших гурван роман бий. Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Б.Ринчингийн “Үүрийн туяа”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”. Эртний үг хэллэг, сонгодог найруулгын жишээг чухам эндээс үзэж болно. Хэрэв танд уйтгартай санагдвал орчин үеийн зохиолчдоос хэдэн хүн санал болгоё. Д.Норовын туужууд болон богино өгүүллэг, П.Баярсайханы өгүүллэгүүд, Д.Цэнджав тууж, өгүүллэгийг унш. Гэвч танд Монголын уран зохиолын арвин сангаас сонголт хийх боломж өөр олон бий. Гол нь цаг үе, утга агуулгаар нь харгалдуулж уншвал илүү сонирхолтой.

5. АДАЛ ЯВДЛЫН АМТ

5                          

Адал явдалд дурладаг уншигчдын хамгийн түрүүнд уншсан байвал зохих ном нь Марко Пологийн тэмдэглэл. Түүх, уран зохиол, аян замын тэмдэглэлийн аль аль шинжийг агуулсан эл бүтээл тун ч сонирхолтой. Хэрэв Марко Полог уншиж байгаа бол хажуудаа “Монголын Нууц Товчоо”-г тавьчихад гэмгүй. Цаг хугацаа, үйл явдлын өрнөлийг лавлах шаардлага гарч мэднэ.

Уран зөгнөлт, эсвэл аяллын романууд уншмаар байвал Жюль Вернийн зөгнөлт зохиолуудыг юм уу, Янн Мартелын “Пигийн амьдрал” романыг унш. Бодит ертөнцөөс салган төсөөллийн, адал явдалт аялалд хөтөлж оюун санааг тань амраах буй за.

6. ЦАГ ҮЕТЭЙ НИЙЦҮҮЛЭХ

6                          

Унших номоо цаг үеийн үйл явдалтай нийцүүлнэ гэдэг хамгийн ухаалаг арга. Ямар улирал, ямар үйл явдал өрнөж буйг анзаарч унших номоо сонгох нь таныг илүү идэвхтэй уншигч болгоно. Тухайлбал, өвөл унших номынхоо жагсаалтад Л.Толстойн “Анна Каринена” юм уу Ф.М.Достоевскийн “Карамазовын хөвгүүд” гэсэн зузаан роман эсвэл Орхан Памукийн “Цас” мэтийн цаг улиралд нийцсэн зохиол оруулбал зүгээр. Яг одоо Улаанбаатар кино наадам болж буй учраас Федерико Феллинигийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл”, А.Тарковскийн “Хугацаан доторх хугацаа” номыг санал болгож байна.

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.