СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 21754655_1686510688045892_473017722_o
  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover

А.ТАРКОВСКИЙ: ИТГЭЛ ҮНЭМШИЛ БОЛ АВРАЛЫН ЦОР ГАНЦ БУРХАН

kinopoisk.ru

Шарль-Анри де Брант: -Таны бүтээлүүдэд, ялангуяа “Амин тахилга”-д Христийн шашны ойлголтууд (жишээлбэл Александр “Эцгийн залбирал”-ыг уншдаг хэсэг),  хавьгүй эртний, олон бурхант шашинтай (“сайн санаат шулам” Мариягийн дүрээр илэрнэ) сүлэлдэн байдаг гэж хүмүүс ярихыг цөөнгүй сонссон л доо. Үүнээс болоод үл ойлголцол үүсдэгийг та ч мэдэж байгаа байх. Та ингэхэд Христийн шашинтан мөн үү?

 Андрей Тарковский: Олон бурхант, католик, Христийн, үнэн алдартны гэх мэт ямар нэг шашин, тэдгээрийн тухай тодорхой үзлийг дэмждэг, эсэх минь ер нь хүмүүст тэгтлээ хамаатай хэрэг биш болов уу. Гол нь кино. Надаас үргэлж өө зөрчил эрж байдаг шүүмжлэгчид шиг киног зөрчлийн талбар болголгүй, аль болох өргөн хүрээтэйгээр харж дүгнэх хэрэгтэй. Бүтээл нь урлаачийн дотоод сэтгэлийг, тэр дундаа эмзэг нандин талыг нь тэр бүр тусгадаггүй. Яахав, тийм гэж үздэг хүмүүсийн логикийг би ойлгож л байна. Гэхдээ уран сайхны бүтээлээрээ өөрийнхөөсөө тэс өөр үзэл бодлыг илэрхийлэх үе зөндөө. Тэгээд ч онцлон хэлэхэд, киногоо хийж байхдаа би янз бүрийн үзэгчдэд хүрнэ гэдгийг нь нэг ч хором мартаагүй юм шүү.

Хүүхэд ахуйдаа ааваасаа би “Бурхан яг байдаг уу?” гэж асууснаа санадаг. Түүний өгсөн хариулт нүдийг минь нээсэн. “Итгэдэггүй хүний хувьд бол үгүй, итгэдэг хүнд бол тийм!” гэж. Энэ маш чухал асуудал. Киног янз бүрээр хүлээн авч болохыг л хэлэх гээд байна. Жишээ хэлье л дээ. Ер бусын үзэгдэлд итгэдэг хүн бол шууданч, шулмын харилцааг хамгийн чухалд үзэж анхаарна. Харин бурханд итгэгчид юун түрүүнд Александрын залбирлыг анхаарч үзээд, киноны бүх үйл явдлыг түүнээс улбаалуулах юм. Эцэст нь, тодорхой үзэл баримтлалгүй гурав дахь хэсэг хүмүүс Александрыг шууд л сэтгэцийн өвчтэй, галзуу гээд дүгнэчихнэ. Харав уу, хүмүүс янз бүрээр л ойлгоно.

Үзэгч дэлгэцээр бүтээл үзээд миний түүнд итгүүлэхийг хүссэн үзлийн үүднээс бус, өөрийнхөө дотоод сэтгэлээс урган гарсан оюун дүгнэлтийг хийх эрхтэй гэж би итгэдэг. Амьдралыг харуулж, орчин цагийн хүний төрхийг ээдрээт, эмгэнэлт бүх талаас нь бүтээх нь миний зорилго. Гэхдээ итгэл үнэмшилгүй хүн тийм бүтээл гаргаж чадна гэж үү? Таны санаанд багтаж байна уу? Би лав төсөөлж ч чадахгүй байна.

-Таныг үнэн сүсэгтэн биш гэх нь бий. Яагаад тэгж үзэх болов? Тодруулбал, Александрыг үл итгэхэд хүргэж, эцэст нь галзууруулдаг нь юу юм бэ? 

Би Александрыг галзуу гэж боддоггүй. Тэгж боддог хүмүүс мэдээж байгаа байх. Тэр сэтгэлзүйн маш хүнд байдалд орсон төдий. Александр шиг хүмүүс байдаг. Сүмээр шагайлгүй удаад сэтгэл нь хувирчихсан. Сүсэгтнүүдийн дунд өссөн байж мэднэ, гэвч өөрийнх нь итгэл, сүсэг бишрэл хувирчихсан …эсвэл бүр итгэхээ больчихсон байх. Александр Рудольф Штайнерын антропософийн үзлээр өвчлөөд бүхнээс өөрийгөө тусгаарлачхаж мэдэх хүн. Материаллаг ертөнц гэдэг бодит байдлын ердөө нэгээхэн хэсэг, цаана нь бас тайлагдахаар хүлээж байгаа гайхамшигт ертөнц байгаа гэдгийг ухаарч бас мэдэх л юм. Эмгэнэлт үйл явдал тохиож, гамшиг юу юугүй нөмрөн ирэх дөхөхөд дотоод сэтгэлийнхээ шаардлагаар эцсийн найдвар болсон бурхандаа ханддаг шүү дээ. Мухардсан хэрэг.

-Таны баатрууд сүнслэг оршихуйд дөхөж оччихоод хүрч чадахгүй байх шиг санагддаг. Бас цэвэр ариунаараа байгаад л байдаг…

-Александр ихэд зовж шаналдаг ч тэр явцдаа итгэлээ олж авсан азтай хүн. Туулсан бүхнийг нь бодсон ч түүнийг ямар нэг юмны босгон дээр байгаа хүн гэж дүгнэж болохгүй байх. Шашин шүтлэгийн хамгийн чухал бөгөөд хэцүү тал нь “бурханд итгэх үү, эс итгэх үү” юм.

-Гэхдээ тэгж ирсэн итгэл зарим талаар абсурд биш үү?

-Энэ чинь хэвийн үзэгдэл шүү дээ. Би хувьдаа өөрийгөө золиослоход бэлэн хүнийг сүсэгтэн гэж нэрлэнэ. Хачин санагдаж магадгүй. Александр өөрийгөө золиослохын сацуу ойр дотнынхноо бас энэ зам руу түлхдэг. Галзуурал! Тэглээ гээд яах юм? Тэдний хувьд тэр “нэгэнт өнгөрсөн” хүн юм чинь. Гэвч эцсийн дүндээ тэр өөрөө аврагддаг.

– Зарим нь “Амин тахилга”-ын уур амьсгал Бергманы бүтээлүүдийг  санагдуулж байна гэж ярих юм билээ. Шведийн найруулагч танд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн үү, эсвэл энэ мэдрэмж зураг авсан байршлаасаа шалтгаалав уу?

-Бергман бурхны тухай өгүүлэх бүртээ түүнийг орчлонд, ер нь хаа ч үгүй гэж харуулах гэдэг. Тийм атал биднийг харьцуулах нь утгагүй юм. “Амин тахилга”-ын гол дүрийн жүжигчин Бергманы кинонд тоглож байсан, Шведийн тосгоны зургийг ашигласан гэх мэтийн шалтгаанаар биднийг харьцуулж байгаа бол тэр нь тэдэнд Бергман, экзистенциализмын тухай өчүүхэн ч ойлголт байхгүйг батлан харуулж байгаа хэрэг.  Бергман шашны асуудал гэхээсээ илүү Кьеркегорт ойрхон юм.

– Таны бүтээлүүдээс театрт хамгийн тохиромжтой нь “Амин тахилга” юм байна гэх бодол төрлөө л дөө. Театрт тавина гэхээр төсөөлөгдөж байна уу?

– Болно л доо. Гэхдээ “Солярис”, “Сталкер”-ыг жүжиг болговол илүү хялбар тусах биз. Даанч олигтой жүжиг болохгүй л болов уу…хэтэрхий тавилттай. Цагт баригдаж, үзэгчдийн хэмнэлд зохицох шаардлагагүй учраас кинонд ажиллах нь надад илүү амар байдаг. Кинонд өөрийн гэсэн хэмнэл бий.

72a90e00f57198197a5acebf496a3bbd

-Таны ярьж байгаа энэ сэдэв гол дүрийн жүжигчин Эрланд Юсефсонд их ойр гэдэг нь илэрхий байсан.

– Тийм ээ, анхнаасаа л дүрүүдээ Эрланд Юсефсон, Алан Эдвалд зориулж бичсэн. Бусдыг нь дараа нь гаргаж ирсэн.

“Амин тахилга”-ын төгсгөлд мод байшинтай хамт шатчихдаг шүү дээ. Таны хувьд тэр гэнэтийн явдал байсан уу?

-Миний кинонд санамсаргүй болдог юм гэж нэгээхэн ч үгүй. Яагаад модыг байшинтай хамт шатаасан бэ гэж үү? Байшин дангаараа шатсан бол өнөөх л “кино түймэр”-ийн нэг болох байсан юм. Хуурамч, байдаг л нэг тавилттай үзэгдэл.

-Амьд модыг тэгээд шатаачих нь харгис биш үү?

-Амьгүй мод байсан юм. Кинонд зориулж шилжүүлж суулгасан чимэглэл төдий эд.

-“Санагалзал”-д та баатраараа “Манай эриний хүмүүс пирамид босгох ёстой” гэж хэлүүлдэг. Товчхоноор ямар гээч пирамидын талаар ярьснаа хэлж болох уу?

-Хүн сэтгэлийн цэвэр ариунд тэмүүлэх ёстой. Түм буман жилийн дараа ч хүмүүсийн ярьсаар л байх гайхамшгийг ардаа үлдээх учиртай, гамшиг, гай зовлонг биш. Яг юу ч гэмээр юм… ирээдүйн хүмүүст Чернобылиэс өөр зүйлийг үлдээх ёстой.

-Та Роберт Брессоныг хамгийн дуртай найруулагчаараа нэрлэдэг. Тэгсэн мөртлөө түүнийхээс эсрэг тэсрэг бүтээл хийдэг шүү дээ. Брессон бол зангилааг тайлалгүйгээр цухасхан илэрхийлээд л  үзэгдлээ шууд тасалчихдаг.

Би хувьдаа Робер Брессоныг дэлхийн шилдэг найруулагч гэж боддог. Тийм ч болохоор гүнээ хүндлэх сэтгэл төрдөг юм. Бидний бүтээл төсгүй нь үнэн. Таны хэлсэнчлэн тэр үзэгдлээ шууд л таслаад төгсгөчихдөг. Тэгж би лав чадахгүй. Миний хувьд тэр чинь амьтны амь таслахаас ялгаагүй зүйл.

  -Амиа хорлох тухай шүлэнгэтэн боддог нэг хүний талаар надад саяхан ярьж өгсөн юм. “Амин тахилга”-г үзээд тэр эр хоёр цаг бодолд автсан гэсэн. Амьдрах хүсэл төрсөн гэнэ лээ.

-Ямар ч магтаал шүүмжлэлээс үнэтэй зүйл гэвэл наадах чинь байна даа. “Иваны бага нас”-ын дараа бас ийм тохиол таарч билээ. Хорих лагерьт ялаа эдэлж байсан эр киног маань үзсэнийхээ дараа хэзээ ч дахин хүний аминд хүрэхгүй гэж шийдсэнээ бичсэн байсан.

-Яагаад та кинондоо байн байн жингүйдэн агаарт хөөрч байгааг дүрслэн гаргадаг юм бэ?

Тиймэрхүү дүрслэлүүд их хүчтэй. Кино болон фото дуранд илүү сайхан буудаг зүйлс гэж байдаг. Ус л гэхэд миний хувьд маш чухал зүйл. Ус амьд, гүн гүнзгий,  хөдөлгөөнтэй, хувирдаг, дотор нь живж, сэлж, ууж, гадаргууд нь өөрийгөө тольдож болно. Бас хуваагдашгүй нэг молекулаас бүтдэг. Нэгэн бүхэл гэдгээрээ онцгой.

Агаарт хөөрөн буй хүний тухай бодоход ч сэтгэлд таатай байдаг. Онцгой утга учиртай ч юм шиг. Хэн нэгэн тэнэг надаас яагаад сүүлийн киноны баатар Александр, Мария хоёр агаарт хөөрдөг юм бэ гэж асуувал би “Яагаад гэвэл Марина чинь шулам шүү дээ” гэж хариулах байсан. Харин ухаалаг, юмнаас яруу сайхныг нь олж харж чаддаг хүн тийм асуулт тавьсан бол би тэрхүү хоёр хүний хайраас авах мэдрэмж өглөө 37.2 хувийн халуунтай сэрсэн хүнд мэдрэгдэх дэмийрлээс өөр гэж хариулах байлаа.

Хайр гэдэг миний бодлоор харилцан ойлголцлын дээд хэлбэр. Хоёр хүн хурьцаж буйг дуранд буулгаад тэрийг илэрхийлчихнэ гэж байхгүй. Тэгж болдог сон бол зүгээр л фермд очоод буга үнээ хээлтүүлж байгааг бичээд гаргачихгүй юу. Кинонд энэ үзэгдлийг гаргахгүй байгааг хүмүүс цензуртай холбож яриад байдаг. Гэтэл тэр дэлгэцээр гаргаж байгаа зүйл чинь хайр биш, ердөө л секс шүү дээ. Бэлгийн харилцаа гэдэг хос бүрийн хувьд онцгой, дахин давташгүй байдаг. Дэлгэцээр гаргачихаар тэр нь алдагдчихна.

-“Амин тахилга”-д Александр Мариятай уулзахынхаа өмнө өөрийнхөө сүсэг бишрэлд эргэлздэг бол түүнд өөрийгөө зориулахаар шийдэж чадахгүй байгаа Мария чин сэтгэлээсээ хайртай, эсэхэд нь эргэлздэг. Энэ хоёр эргэлзээ адилхан гээд хэлчихвэл буруудах уу?

-Анхнаасаа энэ хоёр хүний хамт байхад саад болж байгаа зүйлсийг арчиж хаяж гэмээнэ чин сэтгэлийг нь харуулж болно. Чин хайрын төлөө аль аль нь тэдгээр саадыг давах ёстой байсан юм. ,

-“Амин тахилга” таны уран бүтээлийн арга барил өсөн дэвжсэнийг харуулсан гэж дүгнэж болох уу?

-Асуултад тань нухацтай хариулъя. “Амин тахилга”-д би энэ цаг үеийн хүмүүний талаарх ойлголтоо бүрэн дүүрэн илэрхийлж чадсан.  Харин уран сайхны талаас авч үзвэл би “Санагалзал”-ыг илүүд үзнэ. Аль нэг сэдвийг хөгжүүлж, өрнүүлэх маягаар хийгээгүй учраас. “Санагалзал”-ын гол зорилго уран сайхны өгүүлэмж бол “Амин тахилга” эсрэгээрээ сонгодог драмын схемээр хийгдсэн бүтээл.  Ийм учраас “Санагалзал”-ыг илүүд үзнэ гэж хэлсэн юм. Би Брессоны кинонуудын логикийн уялдаа, залгамж чанарыг хараад биширдэг. Киноноос кинонд, тухайлбал, өглөө бүр тосгуурт аяга ус асгах гэх мэт үзэгдлүүдийг нь харахаар тэр уялдаа аяндаа мэдрэгддэг. Энэ чухал шүү. Кинонд тохиолдлын зүйлс байхыг би үзэж чаддаггүй.  Уран сайхны дүрслэл гэдэг жижиг, онц чухал биш байсан ч тохиолдлын бус зүй ёсны байдаг.

-Тэгэхээр “Сталкер” “Амин тахилга”-д ойр байж таарах нь ээ?

-Яг тийм. Миний кинонуудаас “Амин тахилга” чигээ хамгийн сайн барьсан нь. Гол санаа нь хүнийг галзууралд ч хүргэж болох хүний “би”-ийн хараат бус, цэвэр ариун байдалтай холбоотой юм.

  -Яагаад та удаах киноныхоо гол баатраар гэгээн Антониог сонгов?

– Хүн төрөлхтний сэтгэлийг үргэлж зовоож ирсэн нүгэл буяны зөрчлийн сэдвийг онцгойлон авч үзэх цаг ирсэн гэж бодож байна. Гэгээнтэн байх нь үнэндээ сайн хэрэг үү? Үнэн алдартны шашинд хүмүүстэй нэгдмэл байх тухай маш чухал ойлголт байдаг. Үнэн алдартны шашинтнуудын хувьд сүм гэдэг нэг итгэл үнэмшил, мэдрэмжээр нийлсэн бүлэг хүмүүсийн нэгдэл. Гэгээнтэн хүний нийгмээс холдож, цөл өөд явахад яагаад тэгснийг нь бид таах гэж оролдоно. Хариулт ойлгомжтой, тэр өөрийнхөө сүнсийг аврах гэсэн хэрэг. Тэр ингэхэд хүн төрөлхтний талаар бодолцсон болов уу? Нийгмийн амьдралд оролцох, сүнсээ аварч үлдэх хоёрыг яаж тэнцвэржүүлэх талаар би байнга шаналан боддог.

tumblr_nwama48N3T1qdqpe6o1_1280

-Харин яагаад заавал Антонио гэгээнтэн гэж?

-Өөр хүн ч байж болох л байсан л даа. Материаллаг материаллаг бус оршихуйн тэнцвэрийг хадгалахын тулд хүн юу хийх нь миний хувьд хамгаас чухал. Энэ асуудлын шийдлийг олсон гэж хэлж байгаа хүмүүс үнэнээ хэлэхгүй байгаа гэж бодож байна.

 -Хоффманны тухай кино хийх санааныхаа талаар яриач.

-Хоффманн! Их дээр үеийн түүх шүү дээ. Үүгээр дамжуулж романтизмын талаар өгүүлэх гэсэн юм. Тэгчихвэл дахиж романтизмын тухай нэг ч үг дуугарахгүй. Та Клейст, түүний сүйт бүсгүй хоёрын түүхийг санаж байгаа бол миний юу яриад байгааг ойлгож байгаа байх.  Романтикууд амьдралыг бодит дүр төрхөөс нь өөрөөр харуулах гэж оролддог байсан. Давтамж, тогтсон хэвшил, амьдралд нэгэнт шийдэгдсэн, урьдчилан тааварлаж болохуйц зүйл гэх байдлаар хандахаас тэд айдаг байсан. Романтикууд ерөөс тэмцэгчид биш. Тэд мөрөөдөлдөө төсөөлсөн ертөнцөө биелүүлж чадахгүйгээсээ болж үхдэг. Романтизмыг амьдралын хэв маягаа болговоос аюултай. Хүний авьяаст хэтэрхий их ач холбогдол өгдөг учраас тэр. Амьдралд ганц хүний авьяасаас чухал өчнөөн юм бий.

-Үнэн алдартны сүмийг гэх таны хандлага яг юугаар илэрдэг вэ?

 -Яг энэ тэр гээд нэрлэх хэцүү юм. Би ЗХУ-д амьдардаг байсан, дараа нь Италид очсон, одоо Францад байна. Тийм ч учраас сүмтэй тогтвортой холбоо үүсгэж чадаагүй. Флоренцид сүмд очиход залбирал грек хэлээр, заримдаа итали хэлээр явагддаг байлаа. Орос дээр нэг ч удаа олж сонсоогүй. Би Грекийн үнэн алдартын сүмийн талаар яриад байна л даа.  Би саяхан Лондонд хамба Антоний Блумтай уулзаад их гүн сэтгэгдэлтэй буцсан. Сүмтэй тогтмол холбоотой байна гэдэг амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалах зүйл. Би бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүн, тийм болохоор сүмтэй энгийн холбоотой байх боломж бага байсныг хэлэх ёстой.

  -Зохиолч, большевик Луначарский 1917 оны хувьсгалыг шашны шинж чанартай байсан гэж бичсэн байдаг. Энэ талаар юу гэж бодож байна? – Хаана тийм юм ярьсан юм? Худлаа! Хувьсгалыг магтан дуулах гэж ийм юм ярьсан гэж үү? Түүнийг тэгж ярьсан гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ хүмүүсийг итгэлийг олохын тулд намын гишүүд юу бол юу ярих нь бий л дээ.

 – Ертөнцийн төгсгөлийн сэдэв таныг их татдаг юм шиг санагдсан. Тэрхүү төгсгөлийг ойртуулахыг хүсээд байгаа ч юм шиг. -Үгүй ээ, өнөөгийн ертөнцөд бидний эзлэн буй орон зайг таних гэж оролдож байгаа минь тэр. Харин ертөнцийн төгсгөл гэдэг бүхний төгсгөл…

  – Оливье Клеман “Сүнстэй харилцагчид” зохиолдоо философич Федоров ганцаар даяанчлах уламжлалыг хамтын ёс болгохоор зорьж буйг бичсэн байдаг. Ингэвэл соёл иргэншил эрс өөрчлөгдөнө гэж тэрбээр үзсэн. Та энэ талаар юу гэж бодож байна?

  – Даяанчлал, бясалгал нийгэмд нөлөөлдөг байсан бол хүн төрөлхтний бүтэн дөрвөн мянган жилийн нийгмийн хөгжил өнөөгийн аймшигтай нөхцөл байдалд хүргэх байсан уу? Хоёр мянган жилийн өмнө Есүсийг цовдлоогүй бол хүн төрөлхтөн зөв замдаа орохгүй байсан. Гэтэл бас л дээрдээгүй. Тэр ч нөхцөл байдлыг өөрчлөөгүйг бодохоор гунигтай. Гэхдээ Голгофагийн ачаар хүмүүс сэтгэлийн цэвэр ариунд тэмүүлэх болсон. Тийм явдал тохиогоогүй бол ийм өөрчлөлт гарахгүй л байсан.

– Бердяевыг уншдагийг тань мэдэх юм. Та түүний үзэл санааг залгамжлагчдын нэг үү?

– Үгүй шүү. Би түүнийг үзэл санааг ер дэмждэггүй. Заримдаа бичсэнийг нь уншихаар аливаа асуудлын шийдлийг мэдэх юм шиг сэтгэгдэл төрдөг. Би Штайнер ч юм уу, Бердяевархуу хүмүүст итгэдэггүй юм. Тэд нарт итгэнэ гэдэг чинь төрөлхийн мэдлэгтэй хүмүүс байдаг гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Гэтэл тэр чинь боломжгүй зүйл шүү дээ!

– Тэгвэл яагаад Христийн шашинтнууд Христ бүхнийг шийднэ гэдэг юм?

– Хүнд бодитоор буй цорын ганц зүйл нь итгэл үнэмшил. Вольтер “Бурхан байгаагүй бол бодож олох хэрэг гарах байлаа” гэсэн байдаг. Итгэдэггүй учраас тэгж хэлсэн юм биш, харин ч итгэдэг учраас тэгсэн. Материалист, позитивистууд түүний үгийг буруугаар ухчихсан юм. Итгэл үнэмшил бол авралын цор ганц бурхан. Үүнд би чин сэтгэлээсээ итгэдэг. Итгэл үнэмшилгүйгээр хүн юу хийх юм бэ? Энэ бол хүнд эргэлзээгүй байгаа цорын ганц зүйл. Үлдсэн бүхэн бодит биш.

 –  Достоевскийн “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үгийг та бол юу гэж тайлах вэ?

– Асар олон янзаар, заримдаа бохир бүдүүлгээр энэ үгийг тайлсан байдаг. Достоевский энэ үгийг бичихдээ сэтгэлийн гоо сайхан, цэвэр ариуныг хэлсэн нь гарцаагүй. Жишээлбэл Мышкин ван, Рогожин хоёрынх шиг. Настасья Филипповнагийнх шиг гадаад гоо үзэсгэлэн биш. Н.Ф бол үнэндээ энгийн л нэг замаа алдсан эмэгтэй шүү дээ.

– Хүн бүтээгчтэй төстэй дүр бүтээх ёстой гэж та ярьсан даа.

–  Энэ бол чухал ч, чухал биш ч…Миний хувьд тэр бол цэвэр агаар амьсгалахтай л адил.

 – Уран бүтээлч ба гэгээнтэн, санваартныг та хэрхэн заагладаг вэ?

 – Эрс ялгаатай амьдралын зам шүү дээ. Гэгээнтэн, санваартан амьдралаас алс байдаг тул тэднийг бүтээгч хэмээн нэрлэж болохгүй. Дийлэнх гэгээнтэн, санваартны байр суурийг эс нөлөөлөхүй хэмээн тодорхойлж болно. Буддизм, Дорнын ухаантай төстэй юм даг уу даа. Гэтэл урлаач…хөөрхийлөлтэй өрөвдмөөр уран бүтээлчид..нийгэмд өрнөж буй бүхний төвд шавар шавхайд хутгалдах хувьтай. Найрагч байхыг хүсээгүй франц найрагч Рэмбог аваад үз л дээ. Тийм жишээ олон бий.

Нөөц бололцооныхоо багахан хэсгийг хөгжүүлж, хоёрдмол амьдралаар амьдардаг болохоор нь би санваартнуудыг өрөвддөг. Харин урлаачид авьяасаа нуух эрх байхгүй. Түүнээсээ болоод төөрөлдөж, хууртагдаж мэднэ. Сэтгэл нь байнга дээсэн дөрөөн дээр байдаг. Гэсэн ч сахиусан тэнгэрийг чөтгөртэй харьцуулахуйн адилаар гэгээнтнийг найрагчтай эсрэгцүүлж болохгүй. Тэд бол тэс өөр нөхцөлд байгаа улс. Гэгээнтэн авралыг олно, харин урлаачид тийм аз хүртэхгүй ч байж мэднэ. Бурханы ивээлд би итгэдэг. Херманн Хэссе “Би насан туршдаа гэгээнтэн болохыг хүсэж ирсэн, гэвч би нүгэлтэн. Би бурхны ивээлд найдахаас өөр гарцгүй” гэсэн байдаг.

Гэгээнтэн, урлаачид зарим талаар ижил төстэй. Хүмүүс  бүтээгчтэй адил байхыг хичээх, эс бөгөөс өөрийнхөө сүнсийг аврах хоёр сонголттой нүүр тулдаг. Нэг бол биеэ аварна, үгүй бол ертөнцийг илүү ариун гэгээн газар болгоно. Бидний хэн ч хэр удаан амьдрахаа мэдэхгүй. Маргааш ч бурхан биднийг буцааж магадгүй гэдгийг байнга санах ёстой. Таны надад тавьсан асуултад хариулт эрж олон суутан насыг барсан. Кино хийх сэдэв мөн байгаа биз! Би гэгээн Антонийгоор кино хийвэл тэр сэдвийг хөндөх байх. Хүн болгоныг чилээсэн энэ асуултад хариулт эрэхээр хичээгээд үзнэ дээ. Хамтдаа ч бай, ганцаараа ч бай тэртэй тэргүй үхэхээс хойш үхэх үү, эс үхэх үү гэдэг нь чухал биш.

Эх сурвалж: Андрей Тарковский “Хугацаан дотор хугацаа” номоос 

0044

Холбоотой ном

004(4)

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Б.Баясгалан

Biography of Bayasgalan

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.