СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n

Боб Дилан Нобелийн шагналтан боллоо

  bob-dylan-performing-on-t-0140  

Шведийн академи 2016 оны Нобелтнуудыг зарлах үйл ажиллагаагаа өчигдөр буюу Аравдугаар сарын 13-нд Утга зохиолын салбарын шагналтныг зарласнаар өндөрлөлөө. 2016 оны Нобелийн Утга зохиолын шагналтнаар “Америк дууны урлагийн арвин баялаг уламжлалд яруу найргийн шинэ илэрхийллүүд оруулсан”-ы тул нэрт дуучин, дуу зохиогч Боб Дилан тодорлоо.

Америкийн төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт үзүүлсэн Боб Диланы нөлөө хэмжээлшгүй юм. Дайн, ёс суртахууны уналт, урвалт, сэтгэлийн шаналалыг дуулсан түүний олон зуун дуу жар гаруй жил сонсогчдыг байлдан дагуулж өөртөө татсаар, хүний амьдралын эмгэнэлийг гоо сайханд хувирган эгшиглэсээр буй билээ. Шведийн академийн хүндэт гишүүн Сара Даниус мөнхүү шийдвэрийг зарлахдаа “Бидний хувьд тийм ч хэцүү шийдвэр байсангүй. Бид түүнийг дуучин хөгжимчний хувиар бус яруу найрагч гэдгээр нь үнэлж энэхүү шагналаа гардуулж буй юм. Тэр бол Жон Милтон, Уйлъям Блэйкээр хөглөгдсөн англи хэлтний яруу найргийн залгамж халаа мөнөөс мөн. Боб Диланы шүлгүүд машид уламжлалт шинжтэйн дээр давтагдашгүй өөриймсөг билээ. Түүний уламжлалт маягийн шүлгүүд ганц бичгийн уламжлалд бус аман уламжлалын хувьд ч, дээд уран зохиолын тухайд ч, хамгийн хялбар, анхан шатны түвшинд ч маш сонирхолтой өв болно” гэж цохон тэмдэглэсэн юм. Тэрээр цааш өгүүлэхдээ “Бид эртний Грекийн гайхамшигт туурвилчид болох Хомер, Саппог одоо ч бишрэн уншдаг. Харин тэд тухайн цагтаа хөгжмийн зэмсэг бариад яруу шүлгээ дууддаг “уран сайханчид” байлаа. Гэлээ ч тэдний шүлгүүд цаасан дээр, ном судрын хуудсанд машид тодоор үлдсэн билээ. Боб Дилан ч бас яруу найрагчийнхаа хувиар уншигдах цаг нь болсон гэж би боддог” гэжээ.

Роберт Аллен Зиммерман 1941 онд АНУ-ын Миннессотад төржээ. Арван дөрвөн настайгаасаа гитар барин дуулж эхлэсэн тэрээр Уэльсийн нэрт найрагч Дилан Томасыг ихэд шүтдэг байсан тул тайзны нэрээ Боб Дилан болгожээ. Нобелийн шагнал хүртсэндээ Боб Дилан өөрөө ямар сэтгэгдэлтэй байгаа нь одоо ч тодорхойгүй байна. Харин түүнтэй өрсөлдсөн зохиолч Салман Рушди “Утга зохиол, түүний бүтээгчдийг улам өргөн хүрээнд ойлгож эхлэж буйд баяртай байна” гэжээ.

 

Энэ цахим хуудсанаас тракбак хийх.

Б.Баясгалан

Biography of Bayasgalan

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.