СҮҮЛД НЭМЭГДСЭН НОМ

  • 1--H2x8VUC1siDAd7Gg445lA
  • 21389124_1516516901746042_1352736237_o
  • 004(4)
  • nom zurag
  • tejeever-cover
  • 14355025_1162811323788953_1380606795461081159_n

“ШИНЭ НОМ УНШЛАА”: Д.НОРОВ “ТЭЖЭЭВЭР”

Шинэ ном сонгон унших гэж буй уншигчдад хуурай, албаны танилцуулга бус бусад уншигчийн амьд халуун сэтгэгдэл, үнэлгээ хамгаас сонирхолтой байдаг. Тиймээс ч бид монгол хэлт уншигчдад шинэ тутам хүрч буй шинэ номын талаар тогтсон асуултуудын хүрээнд уншигчдаас хариулт авах маягаар тухайн номын талаар жирийн уншигчдийн үнэн, бодит сэтгэгдэл, дүгнэлтийг хуваалцах, ном унших хэв маягийг түгээж, сурталчлах,  номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Шинэ ном уншлаа” буланг хөтлөн явуулахаар анхныхаа зочдыг уриад байна. Энэ удаад бид “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын шилдэг бүтээлүүдийн эмхтгэл болох “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” хэмээх шинэ номын талаар гурван уншигчийн сэтгэгдлийг хүргэж байна.


Уншигч Б.Билгүүн

bilguun

-Яагаад энэ номыг сонгон унших болсон бэ?

Хэдэн жилийн өмнө нэг танилдаа утга зохиол сонирхдог талаар хэлэхэд чи “Тэжээвэр” гэдэг зохиол л уншаад үзээрэй гэж зөвлөсөн нь дотор үлдчихсэн байсан юм. Тэгтэл саяхан “Тагтаа Паблишинг”-аас нэрээр нь нэрлэгдсэн түүвэр ном гарч байгааг дуулаад шууд л авч унших хүсэл төрсөн. Нэрнээсээ эхлээд л анхаарал татсан болохоор дотор үлдчихсэн байсан байх.

-Энэ номыг уншаад дуусахад төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ нэг үгээр зураглавал?

Хүн дурсамжаасаа бүтдэг гэдэг дээ. Харин энэ зохиол миний тэр дурсамжийн нэг хэсэг болж үлдсэн.

-Номын юу хамгийн их таалагдсан бэ?

Хамгийн эхлээд хавтас нь маш их таалагдсан. Тэгээд зохиол бичигдсэн байдал нь. Гадна орчны дүрслэл, үйл хөдлөлөөс илүүтэй хурц эшлэлүүд, бүтээсэн дүрүүдийн сэтгэхүйгээр аялуулсан амьд байдал нь бүр их гүн, дотно санагдсан. “Намайг эргэж харахад сониуч авгай сая хаалгаа хааж байв” гэдэг ганц өгүүлбэр дээр хүртэл тэр дүрийг зүгээр орхичихгүй байгаа юм чинь.

-Энэ номноос өөртөө “олж авсан” зүйл?

Би утга зохиолд дуртай, бичих гэж оролддог болохоор Д.Норов гуайн зохиолуудыг заавал унших хэрэгтэй гэж бодсон. Тэгээд уншсан хойно нэг л гунигтай санагдаад болохгүй байгаа. Дотор үлдсэн байсан хоосон орон зайд нэг зүйл бүрэлдсэн гэх юм уу. Ямартай ч “Тэжээвэр” тууж хамгийн их таалагдсан, тэр чинээгээрээ их санаа алдсан даа.

-Тэмдэглэж авсан хамгийн гоё эшлэл эсвэл сэтгэлд үлдсэн хэсгээ хуваалцана уу.

Балчир Гөлгөөд ээж нь “Хар нүднээс хөмсөг гадуур гэгчээр л явж хүн боллоо, миний хүү. Биеийн бөхөөс сэтгэлийн бөх гэдэг юм. Мэргэжил мэдлэгтэй бол! Миний хүү зовлонг сөрөх чадалтай, ухаантай. Юм, юманд сэтгэл хоргодоод байвал эр хүн явж, зорьсноо хийж чаддаггүй юм гэнэ билээ. Ээждээ битгий хоргод. Надад чамаас илүү, чамд надаас илүү хүн байхгүй. Миний хүү хүнд муугаа битгий үзүүлээрэй! Өөрийнхөө яаж өссөнийг, ээж нь яаж амьдарч байсныг хэзээ ч битгий мартаарай! Дандаа санаж яваарай! Зовох жаргахын алинд нь ч хэрэг болно шүү” гэж захидаг хэсэг.

Номын үнэлгээ (1-10-ын хооронд үнэлнэ үү!)

Номын хавтас, дизайн, агуулга, сонголт, надад өгсөн бүгдийг бодолцоод 9/10 гэж үнэлж байна. :)


Уншигч Ц.Дэлгэрмаа

deegii-etses -Яагаад энэ номыг сонгон унших болсон бэ?

Д.Норов гуайн зохиолуудад угаас дуртайн дээр саяхан “Хөх тавилан” туужийн номыг нь уншиж, зохиол бүтээлийнх нь амтанд ахин орчихоод байсан үе таарсан тул “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” хэвлэгдсэн нь уншигчийн хувьд тун завшаантай хэрэг боллоо. “Тагтаа паблишинг”-ийн зүгээс Д.Норов зохиолчийн бүтээлийг ийнхүү хэвлүүлсэн нь маш ухаалаг, гоё сонголт байлаа.

 -Энэ номыг уншаад дуусахад төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ нэг үгээр зураглавал?

Д.Норов гуай бол монгол хэлт уран зохиолын ертөнц дэх маш хүчтэй хүүрнэлч, хүний сэтгэлийн утсыг чивчрүүлж чивчрүүлж байгаад төгсгөлд нь тон хийтэл татан тавьж, дүрүүдийн сэтгэл зүйн нарийн чанд хөврөлөөс уягдан эрчлэгдсэн уншигчийн сэтгэлзүйг ч бас донсолгон элдэвлэж чаддаг увидастай зохиолч. Уншиж дуусчихаад энэ номыг залуус заавал уншаасай, хүний сэтгэл зүй, амьдрал хувь тавилангийн нарийн ээдрээг нэн гярхай, нэн яргай бичдэг энэ зохиолчийн зохиолуудаар нь дамжуулж сэтгэлийг донслуулсан, гуниг ухаарлаар хөглөгдөөсэй, монгол хэлнийхээ яруу сайхныг мэдрээсэй гэж хүсэв.

-Номын юу хамгийн их таалагдсан бэ?

Хавтасны зураг, зохиолын сонголт. -Энэ номноос өөртөө олж авсан зүйл?

Монгол зохиолч, монгол зохиол, монгол хэл, монгол хүний сэтгэл… Энэ бүхнээс үүдэлтэй  нэг тийм “эх оронч” мэдрэмж.  Төгсгөлд нь нөөж уншсан “Мөнхийн дуудлага” туужийг уншсаны дараах сэтгэл хөдлөл, ойрд гаргаагүй нулимс. Сайхан зохиол бичихсэн гэх хүсэл эрмэлзлээр хөглөгдсөн явдал.

Хүн бол нууц. Энэ нууцыг тайлах хэрэгтэй гэсэн утгатай үгийг Достоевский хэлсэн байдаг. Харин Д.Норов гуай энэ нууцыг дүрийн сэтгэл зүйгээр чадварлаг нээж чаддаг зохиолч гэж боддог юм. “Мөнхийн дуудлага”-ын Хишгээ, “Тэжээвэр” туужийн Цэнгэл, “Хөх тавилан” туужийн хөөрхөн эмгэн, “Хар гэгээ” өгүүллэгийн Дэнсмаа гээд эгэл атлаа сэтгэлийн их хүч тэнхээтэй, увидас шингэсэн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэн тод, нэн амьд дүрүүд түүний зохиол бүтээлд бий. Эдгээр бүсгүйчүүд монгол эмэгтэйн талаарх манай уламжлалт нийтлэг ойлголтыг бодвол дотоод ертөнцийнхөө уудам, этгээд сонин, үзэсгэлэнтэй, хүчирхэг байдлаар эрхгүй ялгарна. Монгол нүүдэлч ахуй, орон хот байгуулан суух болсон цаг үеийн ороо бусгаа, хүний амьдралын сайнтай муутай хөг дэвсгэр дээр бүсгүй хүний сэтгэл зүйг тун нарийн мэдэрч, тэр мэдрэмжээ хэл найруулга, дүр дүрслэл, өгүүлэмж, үйл явдал гээд зохиол бүтээлийг цогцлоогч эд эс бүрт өв тэгш шингээн чамбай урладаг нь Д.Норов зохиолчийг шимтэн унших нэг шалтгаан болдог юм.

 -Тэмдэглэж авсан хамгийн гоё эшлэл эсвэл сэтгэлд үлдсэн хэсгээ хуваалцана уу.

“Үхэл гэгч нэгэн хүний мөнх нойрссоноор төгсдөг юм биш, тэр хүний нөхөр дайсан хоёрын сэтгэлд оршин байдгийг үзэв. Тэрхүү үхэл өнчин хоцорсон бяцхан охиных нь зүрхэнд, цал буурал болсон хөгшин эхийн  нь сэтгэлд, төрсөн ахын нь тойрч займчсан үгэнд, аманцар бэргэний шулуухан асуусан асуултад нуугдан байгааг үзэв. Энд найрлан суугаа, муу бүхнийг умартан зайлуулсан амгалан царайтай энэ хүмүүсийн харцанд, өглөөхөн охин нь булаан авсан цэнхэр дээлийн шаглаасанд, Хишгээ хүүхний хонио хариулж явсан буурал царамд байгааг мэдэв.

Ийнхүү үхэлтэй улаан нүүрээрээ учирснаа мэдэв. Гэмгүй царайлан худал ярьж суугаа энэ Базарын цээжинд байгаа үхэлтэй учирснаа мэдэв.  Ээж нь таг дуугүй, аймаар царайлан бор даавууны өөдөснөөс захиа гарган өгч -Үүнийг чи яах гэж бичсэн юм. Ямар тангаргийн тухай бичсэн юм гэж тулган асуугаад хуурай цийлгэр нүдээр дальдартал ширтсэн үед үхэлтэй учрав.”  (Мөнхийн дуудлага тууж)

Номын үнэлгээ (1-10-ын хооронд үнэлнэ үү!)

8/10


Уншигч С.Батзориг

bazo-suuliinh

-Яагаад энэ номыг сонгон унших болсон бэ?

Зохиолч Норовын “Үхэл хүлээх газар” өгүүллэгийг уншаад ер нь бусад ажлуудтай нь танилцахыг хүсэх болсон. Монголынхоо уран зохиолын, ялангуяа богино өгүүллэгийн сан хөмрөгтэй чинээнийхээ хэрээр ойр явахыг хичээдэг минь энэ номыг уншихад хүргэсэн болов уу.

-Энэ номыг уншаад дуусахад төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ нэг үгээр зураглавал?

“Сэргэг” мэдрэмж төрсөн. Ялангуяа тэжээвэр туужыг уншиж байхдаа дунд ангидаа мөн сөхөж харж байснаа санасан хийгээд уг зохиол тухайн үед одоо л надад илүү ойрхон уншигдаж байгааг ухаж ойлгоно гэдэг… Цаг хугацааны өөрчлөлтийн багахан хэсгийг ажиж мэдсэн сонирхолтой мэдрэмж байлаа.

-Номын юу хамгийн их таалагдсан бэ?

Бичигдсэн хэлбэр. Уламжлалт байгалийн дүрслэлээр эхлэх уг тууж цааш унших тусам урьдчилж таамаглахад бэрх, адармаатай өрнөлтэй. Ялангуяа сүүлийн эргэлтийн цэг бол уншигчдад зохиолыг өөрийнхөөрөө тайлбарлах чөлөөг олгодог.  Дүрүүдийн дүрслэл болон зөрчилдөөн дотор хамгийн тод үлдэж.

-Энэ номноос өөртөө олж авсан зүйл?

Үгээр илэрхийлэхэд хэцүү байх аа.

-Тэмдэглэж авсан хамгийн гоё эшлэл эсвэл сэтгэлд үлдсэн хэсгээ хуваалцана уу.

Тэжээврийн нохойтой метафоруудыг дурдахгүй байхын аргагүй. Энэ талаар яривал дуусашгүй хөврөх тул ингэсхээд дөтлөе. Түүнчлэн, туслах дүрүүдээр дамжуулж цаг үеэ шүүмжилсэн жижиг элемэнтүүд нь их хурц егөөтэй. Наяад оны сүүл хэсгийн залуучуудын дүрслэл энэ цагийн аяс, сэтгэлгээтэй маш дөхөж бичигдсэн нь гайхалтай санагдсан. “Манай найзууд Япон, Франц хэлтэй. Монголоор тоож дугардаггүй” гэсэн өгүүлбэр шууд л оройд орж ирэх жишээтэй.

Зориуд тэмдэглэж авсан хэсэг гэвэл энэ: “Миний сэтгэлд асар их зөрчилдөөн болж байдаг. Тэр маань намайг хэдэн хэсэг тасчин хувааж, зовоож шаналгаж заримдаа нэгдэн нийлж намайг дийлсний хөлгүй найр хийж сүнс сүлдээр минь тоглодог. Заримдаа хар хор, атаа жөтөө, үзэн ядалт, уйтгар, цөхрөл болж байдаг. Заримдаа уярааж, хүйтэн цэвдэг бүхнийг минь хайлуулж, хайр нигүүлсэл, мөрөөдөл, бишрэлээр бялхуулж байдаг. Заримдаа хэн нэгний, ихэнхдээ өөрийгөө үзэн ядаж жигшихэд хүргэдэг.”

Номын үнэлгээ (1-10-ын хооронд үнэлнэ үү!)

8.5/10


Холбоотой зохиолч

dsc_1719

Холбоотой ном

tejeever-cover

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд манай цахим хуудсанд бүртгэгдсэн нэрээрээ нэвтэрсэн байх ёстой.